MОНГОЛ УХААН – МОНГОЛ ХЭЛ – МОНГОЛ БИЧИГ

Оршил буюу өмнөх үг

Монгол бичиг хийгээд кирилл бичгийн тал болон хуваагдаж сөргөлдөн буй хүмүүсийн гаргаж байгаа баримтууд нь өөр хоорондоо зөрчилтэй, бүхэллэг нэгдэл байхгүй байгаа нь тэдний үзэл бодлоо “зайлшгүй” гэдгийг нотлоход бэрхшээл учруулж байна. Хүн бүр мэдлэг боловсролдоо тулгуурласан ертөнцийг үзэх үзэлтэй байдаг бөгөөд тэр үзлийнхээ хүрээнд нийгмийн үзэгдэл юмсыг тайлбарлан ойлгодгийн адил, би ч мөн явцуу мэдлэгийнхээ үүднээс, эл асуудлаар санал бодлоо илэрхийлэн, зарим зүйлийг нэг мөр болгохыг хичээлээ. Аливаа юмс үзэгдэл маш олон талтай, түүнийг танин мэдэхэд, түүх болоод шүтэлцээг нь (логик, Ш. Дулам багшийн засаж өгсөн орчуулга) судлах хэрэгтэй. Шүтэлцээ тал тухайн зүйлийн дотоод зүй тогтол, учир шалтгааныг: харин түүхэн тал хөгжлийнх нь хуулийг нээн харуулж, дараагийнх нь үе шатны зайлшгүйн тухай ойлголтыг өгдөг. Хэдийгээр логикийн болон түүхийн ухаанд төгс боловсроогүй ч гэлээ, Монгол бичиг гэгчийг энэ талаас нь судлаад, эцэст нь хийсэн дүгнэлтээ та бүхэнд толилуулъя юу гэсэн билээ.

Логик үүднээс

Ухамсар үг хэлээр дамжин илрэх учраас тэдний хооронд агуулга хэлбэрийн шүтэлцээ оршино. (Ухамсар нь агуулга, хэл нь хэлбэр юм) Жишээлэхэд: монгол хүн ширээн дээр байгаа үзгийг хараад “ширээн дээр байгаа үзэг” гэж сэтгэж, тийн хэлнэ. Харин орос хүн тодотгол хэлцийг хойно нь оруулж “ручка, которая лежит на столе” гэж, махчилан үзүүлбэл “үзэг (ямар вэ гэхээр) хэвтэж байгаа ширээн дээр” гэж сэтгэж хэлнэ. Сэтгэж буй зүйл, дүрслэл нэг боловч өөрөөр төсөөлөн зааж байна. Монгол хүн өмнө нь тодотгоод, дараа нь үзэг гэж хэлж байхад орос хүн үзэг гэж хэлчихээд дараа нь тодотгож байх. Энд сэтгэлгээний ялгаа илэрнэ. Аливаа хэл хөгжихдөө, өөрийнхөө сууриа хадгалан, түүн дээрээ үндэслэн оновчтой гадаад үгийг авч үгсийн сангаа баяжуулан хөгждөг. Тийм жишээ ч Монгол хэлэнд зөндөө бий. Судар, ном, зуух, эрдэнэ, эрдэм гээд л харь үг манай хэлэнд олон. Гэвч сүүлийн далан жилийнх шиг, ийм их харь үг орж ирж хэлэнд хүчтэй нөлөөлсөн нь үгүй биз ээ. Үй олон орос үг орж ирснийг зүй ёсны юм гэлээ гэхэд “ширээн дээр ‘хэвтэж байгаа’ үзэг” эсвэл “зогсож байгаа” халуун сав, “хэвтэж байгаа” таваг гэж ярьдаг хүмүүс бидний дунд олширч байгааг юу гэж үзвэл зохистой вэ? Энэ тохиолдолд зөвхөн хэл саармагжиж байгаа тухай ярих нь хангалтгүй, сэтгэхүй бас эрлийзжиж байна. Тэгвэл сэтгэхүйг өөрчилтөл юу тэгж сүрхий хэлэнд нөлөөлөв? Хэлэнд хамгийн идэвхтэй нөлөөлдөг зүйл бол бичиг юм. Хэл бичиг хоёрын хооронд, миний бодоход, бас л агуулга хэлбэрийн шүтэлцээ оршино. (хэл нь агуулга, бичиг нь хэлбэр) Аливаа бичиг тухайн үндэстний бичиг болохын тулд үндэсний хэлтэй нь нийцэж зохицсон, бичгийн хэлийг өөрөө төрүүлдэг. “Бичгийн хэл бий болох явц олон зуун жил шаардах бөгөөд тэр хэл тэр бичгээр өөрийгөө илэрхийлэх сонгодог хэлбэрээ олж авдаг болов уу. Бичгийн хэл гэдэг бол тухайн хэлээр уг бичигтэй зохицон явж байгаа, хамгийн их мэдээллийг логик зөв дэс дараатай дамжуулах шилдэг арга мөн тул тухайн хэлний эрхэм баялагийг агуулсан байдаг. Иймээс хэл бичиг хоёрын хооронд, бичгийн хэлээр нөхцөлдсөн нягт шүтэлцээ оршино.Үндэсний бичгийг гэтэл шууд механикаар соливол юу болох вэ? Агуулга, хэлбэрийн хооронд үл шийдэгдэх зөрчил үүснэ. Хэлбэрээр дамжин агуулгад өөрчлөлт орж, магадгүй мөн чанарт нөлөөлөхөд хүрнэ. “Сэтгэхүйг өөрчилтөл юу тэгж сүрхий хэлэнд нөлөөлөв” гэдгийн хариулт чухам энд л оршино. Монгол хэл, цаашилбал сэтгэхүй нь кирилл бичиг авсны улмаас хэрхэн өөрчлөгдснийг би ядмагхан мэдлэнгийнхээ хүрээнд жишээ татан тайлбарлая.Нэгэнтээ миний бие Анандын Амар агсны “Монголын товч түүх” номыг уншсан билээ. Тэр ном хэдийгээр сонгодог монгол бичгийн хэлээр бичигдсэн боловч би тун барагтайхан ойлгосон юм. Бүр багадаа Борис Поливейн “Ёстой хүний тууж” номыг уншихдаа “ямар хачин хэллэгтэй юм бэ” гэж гайхаж байснаа би мартдаггүй юм. Энэ ном сонгодог монгол бичгийн хэл, кирилл бичгийн шинэ хэлбэртэй зөрчилд орж байсны тод жишээ болж чадахыг хожим ойлгосон билээ. Иймэрхүү жишээг тавиад оны ном зохиолыг анхааралтай ажиглавал амархан олж болно оо. Энэ зөрчил яв явсаар сонгодог монгол хэлийг устгаж, удалгүй “МОНЦАМЭ-ийн модон хэл” бий болжээ. Бидний үе энэ хэлээр сурч хүмүүжсэн тул одоогийн кирилл бичгийн хэл огтхон ч хачирхал төрүүлдэггүуй бөгөөд харин сонгодог монгол хэл маань “эртний бүдүүлэг эриний дурсгал” мэт санагддаг авай. Бичгийн хэлээ алдсны дүнд монгол хэлний сан ядуурч, хэмнэл нь алдагдаж, эцэст нь бид өөрөө ч мэдэлгүй “и, но, так” зэрэг харь үгийг хэрэглэж байна. Зарим үед санаагаа монголоор илэрхийлэх тун хүнд байдгийн учир энэ юм. Ингэж л бидний хэл, цаашилбал сэтгэхүй маань эрлийзжиж байна даа. Эндээс үзвэл сэтгэхүй хэлээр дамжин илрэхийн зэрэгцээ, хэл өөрийгөө илэрхийлэх гол хэлбэр нь бичиг болдог хийгээд тэдгээр нь хоорондоо агуулга хэлбэрийн шүтэлцээтэй байдаг тул “сэтгэхүй – хэл – бичиг” гэх систем нэгдэл оршино. Бид бичгээ сольсноор энэ системийн цогц байдлыг эвдэж, “хэл ядуурч, сэтгэлгээ эрлийзжсэн” учраас кирилл бичгийг авч хэрэглэсэн маань үндэсний уламжлалт соёлын хувьд дэвшилд биш, ухралд хөтөлсөн хэрэг болжээ.Хэрвээ бид монгол бичгээ сэргээхгүй бол монгол хэлээ мэдэхгүй монголчууд болох нь ээ. Цаашилбал, угсаатны мөхөл, нүүрлэж, элэг нэгт буриад зоны араас “ах” нарын зүг замнаж, зуун жилийн дараа онигор нүдтэй, дугуй бор царайтай эх хүүдээ хандан “ зуу зуун жилийн өмнө энэ нутагт бид хоёр шиг төрхтэй, хүдэр чийрэг биетэй боловч мулгуудуу хүмүүс мал маллаж, хонь хагалж идэн амьдарч байжээ” гэдэг “хар домог”-ийг аль нэг хэлээр ярих болно.

Түүхэн зайлшгүйн үүднээс

Хүннү хийгээд эртний бүхий л улс өөрийн гэсэн бичиг үсгийг хэрэглэж байжээ. Монгол бичгийг хэрэглэж эхэлсэн цаг хугацааны хувьд маргаантай байдаг. Нэг хэсэг нь монголчууд XII зуунд Кидан үсгийг хэрэглэж байсан, харин XIII зуунд Уйгараас Монгол бичгийг авсан, тиймээс Монгол бичгийн хэлний зүй нь баруун Монголын аялгад ойрхон байдаг гэдэг. Нөгөө хэсэг нь Чингисийн чулууны бичгийн хэл зүйг судлаад, ийм бичгийн соёл бүрэлдэх хугацааг тооцон, уйгар, монгол хоёр нэгэн зэрэг согдоос бичиг авсан гэж нотолдог. Миний санахад, энэ хоёр баримтад зөрчилдөх зүйл алга. Тэр үед тархай, бутархай байсан монгол аймагууд заавал нийтээрээ нэг бичиг үсэг хэрэглэдэг байсан гэж нотлох аргагүй юм. Бүгд дор бүрээ тус тусын шашинтай байсны адил өөр өөр бичиг хэрэглэдэг байсан байж болох шүү дээ. Жишээ нь Найманы ханлиг уйгартай зэрэгцэж авсан уйгаржин үсгийг хэрэглэж байхад Монгол буюу Хиян аймаг Кидан үсгээр бичдэг байсан байж болох. Тэгээд л Хиян аймаг Найманыг эзэлсний дараа Киданы дүрс үсэгтэй харьцуулахад илүү дэвшилттэй, хэдэн зууны турш боловсорсон бэлэн бичиг авсан нь баруун монголын аялгыг тусгасан байсан учир “уйгаржин” гэж нэрлэгджээ.Чингис хаан Монгол бичгийг бүхий даяар хэрэглэх зарлиг гаргасан нь, дор бүрнээ хаяа манасан шүтлэг, бичиг үсэгтэй байсан ханлигуудыг бичиг соёлын хувьд нэгтгэн (сэтгэхүй – хэл – бичиг системийг харгалзвал) оюун санааны хувьд нэгтгэн нэг үндэстэн болгон төлөвшүүлжээ. Эзлэгдсэн ард түмнийг сэтгэхүй – хэл – бичиг гэсэн шатаар нэгтгэх бодлогыг Хувилай хаан бас л дөрвөлжин үсгээрээ хийсэн бололтой. Хэрэв эндүүрээгүй бол ийм санаа тухайн үеийн монголы хуульд байдаг бөгөөд “дөрвөлжин үсэг” өөрөө Юань гүрний бүрэлдхүүнд байсан бүх үндэстний хэлэнд таарч байсан баримт бий. Гэвч энэ “космополит санаа” хэрэгжсэнгүй, эзэнт гүрэн задарсны дараа дахин монгол бичиг сэргэжээ. Монгол бичгийг халах дараагийн оролдлогыг Ойрдын Зая Бандид Намхайжамц бээр “тод үсэг” зохиосон явдал гэж үздэг. Тэрээр Монгол бичгийн нэг дүрсээр тэмдэглэдэг ойролцоо дуудлагатай үсгийг ялгаж, мөн урт эгшигтэй болгож өгсөн нь хэл бичиг хоёрыг ойртуулах гэсэн кирилл үсэгтэй адил үүрэг гүйцэтгэх ёстой байлаа. Гэвч тод үсэг, тухайн үеийн дайн самуунаас болоод өргөн тархаж чадаагүй билээ. Энэ үед Монгол бичигт үндэслэсэн бас нэг үсгийг Манж Чин Улсыг үндэслэгч Нурхач баатрын зарлигаар зохиосон нь манж бичиг юм. Манж нар хятадыг эзэлсэн хэрнээ Монголоос яагаад бичиг авах болсон нь сонирхолтой юм. Монгол бичиг ханз үсгийг бодоход илүү дэвшилтэт хэлбэр юм. Мөн сэтгэхүй – хэл – бичгийн зарчмыг уялдуулан бодвол Манж нар харь угсаатан хятадаас үндэснийхээ соёлыг хамгаалахдаа “гарвал нэгт, хэл оролцоо” монголоо түшсэн хэрэг болов уу. Яг ийм зарчмыг удирдлага болгон Өндөр гэгэээн Занабазар манж лугаа нэг үсэг бичигтэй байхыг үл хүсэн “соёмбо” үсгийг зохиожээ. Энэ утгаараа соёмбо үсэг одоо болтол тусгаар тогтнолын бэлгэдэл болсоор байна. Гэтэл соёмбо үсэг өөрөө энэтхэг гарвалтай тул шарын шашин монголд дэлгэрэх үүдийг нээж өгчээ. Кирилл үсгээр “коммунист интернациолизм”-ыг экспорлосон шиг, соёмбо үсэг “шарын шашиныг” импортлосон байна. Халхыг манжид дагаар орсны дараа соёмбо үсгийн хэрэглээ багасч монгол бичиг дахин сэргэжээ. Үүнээс хойш, 1930-аад онд латин үсэг, 1940-өөд онд кирилл үсгийн довтолгоо эхэлсэн. Үр дүнд нь, өмнө бүлэгт өгүүлснээр аажмаар мөхөх замд орсон юм. Ер нь 1911 онд Богд Хаант Монгол Улсын тамганд Нарангэрэлт, Түмэн Наст Богд Жавзундамба Хааны Тамга гэж монгол, дөрвөлжин, соёмбо үсгийг зэрэгцүүлэн сийлсэн байхыг үзэхэд, 1930-аад оноос өмнө аливаа бичиг үсгийг хаяж устгана гэсэн ойлголт байгаагүй бололтой. Гэтэл сүүлийн 60 жилийн турш бид чинь Монгол бичиг соёлын бүх түүхэнд цэг тавьчихаад юу ч байхгүй юман дээр шинэ юм барих гэж явлаа шүү дээ. Ийнхүү Монголын бичиг соёлын түүхийг сонирхоход ажиглагдаж буй нэгэн зүйл нь Монгол бичгийг үе үе хөндлөнгийн соёлоор үгүйсгэдэг ч, дахин боловсорч гарч ирдэг зүй тогтол юм. Үүнд хөгжлийн тухай үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль маш өвөрмөцөөр илэрнэ. Энэ зүй тогтлыг үнэн гэвэл монгол бичиг сэргэх цаг нэгэнт болжээ.Хэрвээ бид ийнхүү монгол бичгээ сэргээхгүй юм бол оюуныхаа хөгжлийн холбоог өөрөө таслах сармагчин болох нь ээ. Цаашилбал, сонгодог зураг, абстракт урлагийг ойлгодог хэмээн соёлтойгоо гайхуулах мөртөө уламжлалт уран бичлэгийг “сүг зураг” хэмээн боддог “боловсон хүмүүс” олширч, зуун жилийн дараа тэдний нэг болох онигор нүдтэй, дугуй бор царайтай эх хүүдээ хандан “зуу зуун жилийн өмнө энэ нутагт чи бид хоёр шиг төрхтэй хүдэр чийрэг биетэй боловч мулгуудуу хүмүүс хонь хагалж идэн, мал маллаж амьдардаг байжээ” гэдэг “хар домог”-ийг их л модернист байдлаар өгүүлэх болно.

Төгсгөл буюу “Элит” хэмээгчдэд хандах нь

Дээр өгүүлснээр Монгол бичгийн хөгжлийн түүхэн онцлог нь гаднын нөлөөгөөр механикаар үгүйсгэгдээд хэсэг хугацааны дараа өөрийн хууль жамаар дахин гарч ирдэг явдал юм. Яг өнөөдрийн хувьд монгол бичиг төрийн бичиг үсгийн хувьд үгүйсгэгдээд байгаа бөгөөд энэ нь хэн бүхний мэдээжээр харь гүрний хараа хүрээнд автаж байсантай холбоотой юм. Гэвч энэ шахалт одоо нэгэнт үгүй болсон тул өвөрмөц хөгжлийн зүй тогтлоор Монгол бичиг сэргэх нь түүхэн сорилт болжээ. Зайлшгүй гэдэг нь юмсын дотоод хөгжлийн зүй тогтолд үндэслэсэн, түүний өөрчлөлт хөгжлийн цаашдын хэлбэрийн баттай магадлалыг хэлдэг. Хэрвээ зайлшгүйг үгүйсгэвэл юу болох вэ? Бичгээ солихгүй бол яах вэ? Хэрэв ингэвэл зөв хөгжлийн холбоо тасарч, уг зайлшгүйг төрүүлсэн шалтгаан (сэтгэхүй-хэл-бичиг) буюу харилцан уялдсан нөхцлүүдийн цогц буруу гаж хэлбэрээр хөгжинө. Өөрөөр хэлбэл, Монгол бичиг соёлын диалектик хөгжил тасарч, өмнө өгүүлсэн аажим мөхөл үргэлжилж, улмаар эх Монгол хэл маань мөхөх бөгөөд үүнтэй хамт нягт уялдаа холбоо бүхий бидний мөнөөхөн хоосон дэвэргэдэг “Монгол ухаан”, “Монгол соёл” маань мөхнө. Ингэснээр (хаана ч билээ, хэзээ ч билээ сонссон) ”500 жилийн дараа монгол мөхнө” гэсэн үг хугацаанаасаа арай өмнө биелэх болов уу гэсэн муу ёрын санаа намайг зовоодог юм. Өнөөдөр бид өв соёлоо уламжилж байна гэлцэж, морин хуурын аялгуунд бөө цамнаж сууна. Тэгсэн мөртөө монгол бичгээ муу хэлээд байгаа нь хэн нэгэн харь хүн Монголчууд гэж эрт дээр үед ийм хүмүүс байсан гэж зүгээр хоосон дуурайж байгаа мэт инээдтэй, хөөрхийлөлтэй харагдана. Шал дуураймал. Түүний оронд, Япон, Солонгос зэрэг орны жишээгээр бичиг үсэг гэх мэт соёлынхоо голомтыг сэргээн уламжлаад, түүнийгээ хүрээлж шинэчлэх нь илүү утга төгөлдөр байх сан. Бид уламжлал-түүхэн соёл, шинэчлэл-техникийн соёлын харьцааны хувьд сүйрлийн байдалтай байгаа бөгөөд иргэншлийн давалгаанд үлдэж хоцрохын тулд үндэсний соёлоо уламжлах зайлшгүй шаардлагатай байна. Хард рокийн аянд дэвхцэн бүжиж буй залуу “оросоор биш Монголоор” ярьж байвал л боллоо. Харин иргэншлийг зогсоож болохгүй, чадах ч үгүй, зогсоохыг оролдвол бүр тэнэг хэрэг болно.Адилхан Монголоо алдсан хэрнээ, бид нэг нь нэгнийгээ “Монгол бичиг сур” гэж хоосон дүрэмдэх нь хиймэл зохиомол харагдана. Миний нэгэн нөхрийн хэлснээр “намайг үхтэл кирилл бичгээр сонин гарах л юм даг”. Харин хойч үе маань бидний зэрэгт ирэхэд “алдсан Монголоо” эргүүлж болох байсан юм сан … Гэтэл үндэстнээ үндэстэн болгон дахин төлөвшүүлэх бодлого тасарлаа.“Элит” гэдгийг би хувьдаа манай багшийн анх жишээ татан ойлгуулж байснаар “Данко” хэмээн сэтгэдэг. Данко зүрхээ сугалж, гал дөлөнд нь мөхөж буй мунхаг ард түмнээ аврагдах замыг зааж өгдөг шиг, манай элитүүд цөөн монголчуудаа оюуныхаа галт бамбараар гийгүүлэн соёрхож, үндэснийхээ соёлыг мөхлийн замаас гаргах буй за хэмээн итгэж суунам.

О. Машбат

Эх сурвалж: http://mashbatpoliticalarticles.blogspot.com
Илгээх | 3364 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




:-)